Одоо хэн нь үнээгээ саадаг вэ? буюу жендэрийн хэвшмэл ойлголтын тухайд

Одоо хэн нь үнээгээ саадаг вэ? буюу жендэрийн хэвшмэл ойлголтын тухайд

Харахад ердийн л нэг гэмгүй зураг: эрэгтэй нь сууж үнээгээ саах зуур эмэгтэй нь, магадгүй түүний эхнэр хоёр тугалыг нь татаж өгч байна. Хэрэв та Монгол нүүдлийн малчин л биш бол, энэхүү зураглалыг дүр оноож, шинж чанар тодорхойлохдоо ашигладаг олон өнгөт дурангаараа #энгийн гэж тэмдэглэх болов уу. Эрэгтэй хүн малаа маллаж, эмэгтэй нь цагаан идээгээ боловсруулна. Эрэгтэй хүн ан хийнэ, харин эмэгтэй нь гэрийн ажил хийнэ. Тэгэхээр байзаарай, эрэгтэй хүн үнээ сааж байна гэнэ ээ?

Мал аж ахуй нь түүх, соёлынхоо төв нь болсон, малчид нь мал сүрэг, тал нутгийнхаа үр шимийг хүртэж амьдардаг энэ улс руу нэг онцлон харъя. Тэгвэл энэ зураг хамгийн хүчтэй шимийн архинаас ч илүү мансууруулахаар болоод ирж байна. Уламжлалаараа бол энэ нь эмэгтэйчүүдийн хийдэг ажил учраас эрэгтэй хүн, ялангуяа Казак үндэстний цөөнхийн дунд эрэгтэй хүн үнээ сааж болохгүй гэсэн цээрийг сорьсон энэ зураг нь Ядуурлыг Бууруулах Японы Сангийн санхүүжилттэй Азийн Хөгжлийн Банкнаас зохион байгуулсан жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэхэд чиглэсэн уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ.

Дэд байр эзэлсэн энэхүү зургийг чухамдаа юу чимэв ээ? Магадгүй жендэрийн үүргийг бүдэгрүүлсэн энэ завшааныг буулгах азтай агшин зурагчинд тохиосон байж болох, эсхүл тэр сэтгэлгээний өөр нэгэн агшинг олж анзаарсан байх, магадгүй бүр төлөвлөж хийсэн ч байж болох талтай. Жендэрийн тэгш бус байдлын талаарх олон нийтийн ойлголт, хандлагын талаарх Азийн Хөгжлийн Банкнаас хийсэн судалгаанаас харахад Монголчуудын дунд жендэрийн хэвшмэл ойлголт хүчтэй хэвээр байна. Энэ фото зураг хэдийгээр хагарлын шугамыг олсон ч, Рихтерийн шаталбар нь жендэрийн харилцаа өөрчлөгдөж, эрх тэгш байдлын газар хөдлөлт болох хэмжээнд хүрээгүй байна.

Жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн онцлог шинжид тулгуурлан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд жишээлбэл ямар ажил мэргэжил илүү зохимжтой байдаг талаарх өрөөсгөл бөгөөд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл юм. Судалгааны үр дүнгээс харахад орчин үеийн Монголын нийгэмд хамгийн ихээр давамгайлсан жендэрийн хэвшмэл ойлголт нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх болон гэр бүлийн динамикаас ихэнхдээ үндэстэй байгааг онцолжээ. Жишээлбэл:

  • Хөвгүүд, мөн үүнээс үндэслээд эрчүүд уйлдаггүй.
  • Охид, эмэгтэйчүүд гэрийн ажил хийж, ар гэрийхнийгээ асран халамжлах үүрэгтэй.
  • Эрэгтэйчүүд болон хөвгүүд байгалиасаа сахилгагүй бас замбараагүй.
  • Охидууд хөвгүүдээс илүү хичээнгүй, сурах эрмэлзэлтэй.
  • Хөвгүүд ямар ч нөхцөл байдлыг даван туулж чадна, тиймээс тэдэнд дээд боловсрол хэрэггүй.
  • Охид, эмэгтэйчүүд өөрсдийн гадаад үзэмжийг анхаарах ёстой.

Азийн Хөгжлийн Банк болон Ядуурлыг Бууруулах Японы Сан Монгол улс дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлж байна.  

Хээр талд ч бай хотод ч бай, говь цөлд ч бай ширэнгэн ойт халуун оронд ч бай, хэвшмэл ойлголтыг хаана ч байсан таамаглаж болохоор ижил. Хэвшмэл ойлголтын уршгаар эмэгтэй, эрэгтэй хүмүүс өөрийн чадвараа дутуу үнэлж, хөгжүүлж, хүрч болох амжилтаа урьдчилан тодорхойлж, хязгаарласнаар амьдралын төлөвлөгөө, сонголтод нь нөлөөлж байна.

Эрэгтэй хүн үнээ сааж байгаа жирийн л нэг зураг юм шиг боловч, үнэн хэрэгтээ бол хэвшмэл ойлголтоос үүдэлтэй адармаатай түүх юм. Тал хээр нутагт цаг агаарын нөхцөл хүнд ширүүн боловч эрэгтэй хүн бол ноён нуруутай тэмцэгч, хүндрэлийг даван туулах чадвартай гэж ойлгогддог. Тэд мал маллаж, мал сүрэг эзэмшихийн зэрэгцээ хөрөнгө нь мал сүргийнхээ тоо толгой болон Монгол гэрийнхээ ханын тоогоор хэмжигддэг.

Эрэгтэй хүмүүс өөрийн мал сүрэг, гэрээ зөвхөн өөр шигээ тэсвэр хатуужилтай хөвгүүддээ өвлөж үлдээдэг ба хэрэв хөвгүүд нь энэ бүхнийг өвлөн авч хөдөөгийн амьдралыг даван туулна гэж байгаа бол байгалийн ухаан, математик, уран зохиолын хичээлд суух хэрэг юу байнаа?

Малчдын хүүхдүүд 6 настайгаасаа сумдын сургуулийн дотуур байранд байрлах шаардлагатай болдог. Охид угаасаа л сурах эрмэлзэл ихтэйд тооцогдож, дээр нь хөрөнгө өвлөж авах боломж нь бага тул эрдэм номын мөр хөөх болдог байна. Ээжүүд нь сургуульд сурч байгаа хүүхдээ асрахын тулд жилийн дийлэнх хугацаанд суурин газарт суурьшиж байгаа энэ үед хэн нь тэгээд үнээгээ сааж байгаа вэ? гэсэн асуултыг төрүүлж байгаа юм.

Монгол улсын 3.2 сая хүн амынх нь талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод түүх үргэлжилсээр. Энд цалин багатай боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт ажилчдын 86-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэхийн сацуу нөгөө л хэвшмэл ойлголтоос болж ар гэрийхнийгээ асарч халамжлах, гэр орноо цэвэрлэх зэрэг ажлууд эргээд тэдний л нуруун дээр ирдэг. Багшийн ажлын талаарх нийгмийн үнэлэмжийн улмаас хөвгүүд боловсролын чиглэлээр суралцах нь бага байсаар байна.

Сэтгүүлчид жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нөлөөлж чадна.

Энэхүү ярвигтай түүхийн учрыг олохын тулд олны дунд нийтлэг жендэрийн хэвшмэл ойлголтуудыг тодорхойлж, хаанаас эхтэй, хэний дунд илүүтэй байгааг судалсан бөгөөд гурван сарын хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн аяныг зохион байгуулсан юм. Хэвшмэл ойлголт нь ихэнхдээ санаатай бөгөөд санамсаргүй байдлаар айл өрхүүдэд үүсэж, сургууль болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нийгмийн дунд улам түгэн тархадаг тул эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидэд энэ чиглэлийн мэдээлэл өгөх нь чухал. Түүнчлэн сэтгүүлчдийн бичиж буй өгүүлэлдээ хандах хандлага, бүтээлээрээ дамжуулан хэнийг ямар байдлаар илүүтэй тодотгох вэ гэдгээс хамаарч олон нийтийн дунд тогтсон үзэл бодол, сэтгэлгээнд нөлөөлөх боломжтой. 

“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд оролцохдоо Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын Уянга Баттүшигийн Нарангэрэл бүсгүйг сонгожээ. Өмнөговь аймгийн Булган сумаас гаралтай Б. Нарангэрэл бүсгүй аяга угаагч, тогоочийн туслах мэтийн л ажил хайна гэсэн бодолтой байлаа. Нарангэрлийг бага байхаас нь унжийж, доогуур харчихсан байхыг харвал өвөө нь “Өвчинд шаналсан хүн шиг яагаад толгойгоо ганзгалаад байгаа юм” гээд эрүүг нь хуруугаараа дээшлүүлдэг байсан нь түүнд бага насны хүчтэй дурсамж болон үлдэж, өөртөө итгэл итгэлийг нь нэмэгдүүлж өгчээ.

 Нарангэрэл харин гагнуурчин болж, дараа нь агуулахад сэрээт ачигч ажиллуулж байв, мэдээж хамт олны шилдэг нь. Тэрбээр одоо, сэтгүүлч Уянгын дүрсэлснээр “хоёр давхар байшингийн дайтай өндөр, дунд зэргийн амины орон сууц шиг” Комацү 930 аварга ачааны машин жолооддог. Зэрэг буурч агуулахын ажилдаа буцаад очихвий хэмээн эмээж, Нарангэрэл бүсгүй бие давхар болсноо эхэндээ нууж байсан хэдий ч, цаг агаарын ямар ч нөхцөлд Говийн хөндлөн гулд өдөр бүр 300 тонн хүдэрийг 600 тонны машин жолоодон зөөж явахад хэн ч түүнийг буруутгаагүй юм.

Ямартай ч үнээгээ саах ч бай, аварга машин жолоодох ч бай, тектоникийн давхаргад бага ч болов өөрчлөлт гарч эхэлж байна.

Төслийн цахим хуудаснаас жендэрийн хэвшмэл ойлголтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

BuhHEZyCYuDDyK1.jpg

 Үнээгээ сааж буй эрэгтэй жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдлээ. Зургийг Алих.Т

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ

Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломж ба      Хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж.                            ТЭГШ БОЛОМЖ ТЭГШ ХАРИУЦЛАГА

Холбоотой мэдээлэл

Төсөөллөө чөлөөлье! Бидний хийж байгаа хэрэгжүүлэн зориж буй төслүүдийн танилцуул.